"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн зүгээс 2019 оны 10-р сарын 18,19-ний өдрүүдэд, Мэдээлэл технологийг ашиглан иргэдэд мэдээлэл түгээх техникийн туслалцаа төсөл, Төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөх баг болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөлүүд хамтран "Дэд төвийн хөгжилд иргэдийн оролцоо" уулзалт семинарыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад урилгаар Азийн Хөгжлийн Банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн захирал Б.Сүхбаатар, Ай Пи Ий Глобал олон улсын зөвлөх компанийн Зүүн хойд Ази хариуцсан бүсийн захирал Рой, T2-CS02 зөвлөх багийн хот төлөвлөгч З. Туяа, GIZ төслийн мэргэжилтэн Г. Бүдханд, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц. Эрдэмбаяр, Юу Си Ди ХХК, Гүйцэтгэх захирал А. Булган, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв ТББ-ын төслийн зохицуулагч Э. Цолмон, UN-Habitat Mongolia-н дэд захирал Ш. Энхцэцэг, Оршин суугчдын зөвлөлийн дарга/ ТББ-ын удирдагч Д. Энэбиш, Бизнесийн зөвлөлийн дарга/ оршин суугчдын зөвлөлийн гишүүн Ж. Жавзмаа, ГХХХОДХ Төслийн дэд зохицуулагч Т. Гантуяа, TA9421 төслийн захирал Б.Алтанцэцэг, LAB2 ТББ-ын үүсгэн байгуулагч Б. Дөлгөөн болон Орлогод нийцсэн орон сууц төслийн зохицуулагч Н. Болд-Эрдэнэ нар оролцож илтгэл тавилаа.
Уулзалтыг "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн дэд зохицуулагч Д.Энхтөр нээж үг хэлэв. Тэрээр Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд маань Сонгинохайрхан дүүргийн нийт 5 хороог хамарсан. Одоогоор төслийн 1- үе шат 71%-тай хэрэгжиж байна. Аливаа бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо хамгаас чухал байдаг ба дэд төвүүдэд өрнүүлж буй их бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож газраа чөлөөлж өгсөн нийт иргэдэд талархал илэрхийлье. Цаашид төслийн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэх бөгөөд энэ удаагийн уулзалтын үр дүнд иргэд та бүхний оролцоо, хяналт, дэмжлэг улам нэмэгдэж дэд бүтцийн бүтээн байгуулалтын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн амжилт хүсэв.
Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад нийт 70 гаруй иргэд оролцож төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, гарах үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, дэд төвийн хөгжилд иргэд хэрхэн оролцох талаар санал солилцон цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах боллоо.