Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Build for Skills” буюу “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр” (УБХГХХХОДХ) төсөл хамтран 2019-2020 он хүртэл хэрэгжүүлж байна.
"Ур чадварыг хөгжүүлэх" төслийн хүрээнд “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр” төслийн гэрээт гүйцэтгэгч 22 компани хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 12-р сард ажлын байран дээрх дадлагажуулагч багш бэлтгэх сургалт явагдаж 10 компанийн 33 ажилтан хамрагдаж, бэлтгэгдэн ажлын байран дээрх богино хугацааны мэргэшүүлэх сургалтыг чиглүүлэх эрхтэй болсон 13 сурагч 2020 оны 1-р сарын 23-ний өдөр сертификатаа гардаж авлаа. Сертификатыг “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр” төслийн дэд зохицуулагч Д.Энхтөр гардуулан өгсөн бөгөөд сургалтад хамрагдагч нарт хандан өнөөдөр та бүхэн өөрсдийн гэсэн QR кодтой болж албан ёсоор мэргэшүүлэх сургалтыг чиглүүлэх эрхтэй болж байна. Манай улсад энэ төрлийн стандарт, мэргэшлийн сургагч нар дутмаг байдаг. Та бүхэн сургалтад хамрагдсанаар хандлага, заах арга барил гээд олон тал дээр суралцсан гэж итгэж байна хэмээв.
Сургалтаар дамжуулан дараах үйл ажиллагаа шинэ дэд төвийн иргэдэд зохион байгуулагдаад хоёр дахь жилдээ явж байна. Үүнд :
- Гэр хороололд оршин суудаг, амьдрах орчноос ур чадвар эзэмшсэн боловч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй иргэдийг барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурын мэргэжлээр тус тус ур чадварын төвшинг тогтоон гэрчилгээжүүлэх
- Үнэлгээнд хамрагдаад, тэнцээгүй болон хүсэлт гаргасан иргэдийг ур чадварын төвшинд нь тохируулан урт болон богино хугацааны ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамруулах - УБХГХХХОДХ-ын шинэ дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож буй гэрээт гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад сургагч (дадлагажуулагч) багш бэлтгэж, ажлын байран дахь дадлагажуулах хөтөлбөрийг хамтран явуулах
гэрчилгээжсэн болон мэргэшүүлэх сургалт төгссөн иргэдийг гэрээт гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байранд зуучлах юм.
Ингэснээр гэр хороололд амьдарч байгаа барилгын чиглэлээр ажилладаг, мэргэжлийн үнэмлэх гэрчилгээгүй иргэд ажлын байран дээр сургалтад эдгээр дадлагажуулагч багш нарын зааврын дагуу хамрагдах юм. 2019 оны жилийн эцсийн байдлаар уг төслөөр гэр хорооллын нийт 71 иргэн ур чадварын үнэлгээнд оролцож, 44 иргэн тэнцэж, QR кодтой мэргэжлийн гэрчилгээтэй болж бүтээн байгуулалтын ажилд зуучлуулах боломжтой боллоо. Төслийн үр дүнд барилгын чиглэлээр мэргэшсэн иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж, мөн өөрсдөө орон нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцох, ажилд зуучлуулах боломжтой болж байгаа юм.