Төслийн үзэл баримтлал
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр 6 дэд төвийг байгуулахаар тусгасан бөгөөд хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг 2009 оноос эхлэн боловсруулж Санхуужилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.
Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг 9 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх ба "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" нь дэд төвүүдийг бий болгох суурь "Дэд бүтэц"-ийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
ИНЖЕНЕРИЙН ХУВЬСГАЛЫГ ГЭР ХОРООЛОЛД ӨРНҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ
Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд, ахуйн хэрэгцээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байна
- Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаа, сул шорооноос үүдэлтэй
- Дэлхийн хамгийн урт халаалтын улиралтай Нийслэл хотын нийт хүн амын 60 орчим хувь нь дулаан хангамжгүй байна
- Хот төлөвлөлт эмх замбараагүй тул нийтийн хэрэгцээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих орон зайн хомсдол үүссэн
- 100 мянга гаруй нүхэн жорлон байгаа нь Улаанбаатар хотын хөрс болон гүний усыг халдварт нянгаар бохирдуулах эрсдэлт нөхцөлийг бий болгосон
- Гэр хороололд амьдардаг нэг хүнд хоногт 5-10 литр ундны ус оногдож байгаа нь орон сууцанд амьдардаг нэг хүний хэрэглээнээс 25-50 дахин бага байна
- Төр, нийгмийн үйлчилгээ, ажлын байр, бизнес эрхлэх зах зээлийн орчин хязгаарлагдмал байна.
НЭГ ТӨВТЭЙ ХОТООС ОЛОН ТӨВТЭЙ ХОТ РУУ
- Инженерийн дэд бүтцийг даган барилгажих ажлууд эхэлснээр иргэд газраа эргэлтэд оруулж нийтийн хэрэгцээнд зориулан чөлөөлснөөр нийгмийн дэд бүтцээр хангагдана
- Шинэ дэд төвүүд хөгжин бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэж, худалдаа үйлчилгээний зах зээлийг тэлснээр шинээр ажлын байрууд бий болж, үр дүнд нь дэд төв тус бүрээс 100 мянга гаруй иргэн үр өгөөж хүртэнэ
- Голлох авто замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр тавих ажлыг инженерийн шугам сүлжээтэй хослуулан гүйцэтгэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын дүр төрх үндсээрээ өөрчлөгдөнө
- Гэр хорооллын оршин суугчид шууд оролцоотой байж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн эвлэлдэн нэгдэж, харилцан ашигтай хамтран ажиллана
ТӨСЛИЙН ҮР АШИГ
УТАА БАГАСНА
Хотын агаарын урсгалын дээр байрладаг гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийг бий болгосноор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
ХОТЫН ТӨВИЙН АЧААЛАЛ БУУРНА
Улаанбаатар хот 6 шинэ дэд төвтэй болсноор үйлдвэр, худалдаа, үйлчилгээний шинэ боломжууд нээгдэн хүрээгээ тэлж, хотын захаас хотын төв рүү зорчих хэрэгцээ шаардлага багасна.
Гэр хороолол дэд бүтэцтэй болсноор бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд шинэ санал, санаачлага гарган үйл ажиллагаагаа тэлснээр байнгын ажлын байр бий болж, зах зээлийн боломж өргөнөөр нээгдэх нөхцөл бүрдэнэ.
ХОТЫН ЗАХАД ХОТЫН ТӨВД МЭТ АМЬДАРНА
Дэд бүтцэд холбогдсоноор төр, нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах шинэ нөхцөл бүрдэнэ.