“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд дэд төвүүдийн иргэдийг чадавхижуулах, тогтвортой ажлын байртай болох, оршин суугаа дэд төвдөө аятай, тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-Ур чадварыг хөгжүүлэх төсөл, Зангиа портал ХХК, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран Баянхошуу Бизнес инкубатор төвд 2022 оны 4-р сарын 13-ны өдөр “Ажилд зуучлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт дэд төвийн бүтээн байгуулалтанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, үндэсний томоохон баялаг бүтээгч, ажил олгогч 15 байгууллага оролцож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн Баянхошуу болон Толгойт дэд төвийн 200 орчим ажил идэвхтэй хайж буй иргэдэд нээлттэй ажлын байруудаа танилцуулж, анкет хүсэлтийг хүлээн авлаа. Мөн Ур чадварыг хөгжүүлэх төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэн, Техник технологийн коллеж өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг мэргэшүүлэх сургалтанд бүртгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь өдөрлөгийг илүү цогц, олон талын үр дүнтэй болголоо.