Төслийн 3-р үе шатны жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Толгойт дэд төвийн нутагт дэвсгэрт харьяалагдах Сонгинохайрхан дүүргийн 42, 106, 107-р сургуулиудын 5-7 дугаар ангийн сурагчдад Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран 5-р сарын 4-6-ны өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 596 хүүхэд хамрагдсанаас 197 сурагч буюу 33% нь нийтийн тээврээр зорчиж хичээлдээ ирдэг, замын хөдөлгөөнд идэвхтэй оролцогч сурагчид байв. Сургалтыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэл, цагдаагийн ахмад Б. Энхболд нар явуулж, барилга угсралтын ажлын үеэр хүнд машин механизмууд болон бусад тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхийг сурагчдад анхааруулан явган зорчигч, ялангуяа хүүхдүүдэд учирч болох зам тээврийн ослын эрсдэлийг сануулан, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох үйлдэл, эс үйлдлийг зааж сургалаа. Сургалт замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр бие даан оролцож эхэлж байгаа 10-аас дээш насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадлыг хэвшүүлэх, улмаар зам тээврийн ослыг бууруулахад түлхэц болох учир төслийн хэрэгжилтийн туршид давтамжтайгаар зохион явуулахаар хамтрагч талууд тохиролцлоо.
Толгойт дэд төвийн дунд сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт хийлээ
2022/05/11