Хөтөлбөрийн 2-р үе шатны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд баригдаж буй нийгмийн барилга байгууламжуудын зураг төсөл, үр ашгийн танилцуулга, барилга угсралтын явцын мэдээлэл, нийгмийн хөгжил, жендэрийн үйл ажиллагаа болон бусад сургалтуудыг оршин суугчдад өгөх, санал солилцох зорилготой 2 ээлжийн уулзалтыг 5-р сарын 5-ны өдөр тус хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.
Уулзалтад нийт 92 иргэн оролцон мэдээлэл авч, санал солилцлоо. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 40-р хороонд спорт цогцолбор, олон нийтийн хөгжлийн төв, 240 хүүхдийн цэцэрлэг, гал унтраах, аврах 29-р ангийн шинэ барилга, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийгмийн барилга байгууламжууд, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд тэдгээрийн барилга угсралтын ажлын явц, санал хүсэлтийн механизм, төслийн нийгмийн хөгжил, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд барилга угсралтын түр нөлөөллийн үед иргэдийн анхаарах зүйлс, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг хүргэхийн зэрэгцээ урилгаар Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэгийн багш оролцож уулзалтад оролцогчдод эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөмж өглөө.