Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх, дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэн нийлүүлэх зорилгоор “Build for Skills” буюу “Ур чадварыг хөгжүүлэх” олон улсын туршилтын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Азийн Хөгжлийн банк, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” (УБХГХХХОДХ) төсөл 2019 оноос хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн Удирдах зөвлөлийн хурал 6-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдав. Тус хурлаар 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа. Удирдах зөвлөлийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар, ХБНГУ-ын Элчин Сайдын яамны дэд тэргүүн Регина Рутенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Беатте Диппмар, төслийн ахлах мэргэжилтэн Александр Циронис, Азийн Хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арно Хеккман, яамны холбогдох удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд оролцлоо. Төслийн хүрээнд 2022-2023 онд дараах гол ажлуудыг хэрэгжүүлэх юм:
- Гэр хороололд оршин суудаг, ажил амьдралын туршлага, амьдрах орчноос ур чадвар эзэмшсэн боловч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй иргэдийг барилгын 7 мэргэжлээр (сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл, гагнуур, мужаан, өрөг угсрагч) тус тус ур чадварын түвшинг тогтоох үнэлгээнд хамруулж, мэргэжлийн чадамжийн гэрчилгээг олгох
- Үнэлгээнд хамрагдаад, тэнцээгүй болон хүсэлт гаргасан иргэдийг ур чадварын түвшинд нь тохируулан урт болон богино хугацааны ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтанд хамруулах (УБХГХХХОДХ-ийн гэрээт гүйцэтгэгч компаний ажлын талбайд)
- УБХГХХХОДХ-ын шинэ дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож буй гэрээт гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш бэлтгэх сертификаттай сургалт зохион байгуулах
- Гэрчилгээжсэн болон мэргэшүүлэх сургалт төгссөн иргэдийг гэрээт гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байранд зуучлах