Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл гурван үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Төслийн I шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар хоёр дэд төвд түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг, мөн нийт 8.6 км урт ариутгах татуургын гол шугам сүлжээг тавьсан байна.
Дэд бүтцийн бусад ажлуудыг гүйцэтгэхээр газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудын нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга С.Батболд болон нийслэл дүүргийн төлөөлөл оролцов. Нээлтийн арга хэмжээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцон тус тусын ажлын явц, хүрэх үр дүнгийнхээ талаар танилцуулсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга С.Батболд гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд ажлаа цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулахын сацуу төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжин идэвх санаачлалтай оролцож буй иргэдэд талархал илэрхийллээ.
Цаашид Баянхошуу дэд төвд:
- 14 м өргөн 7.42 км авто зам барьж гүйцэтгэн 2019 оны II улиралд Улаанбаатар зам засвар арчлалтын газарт хүлээлгэн өгнө.
- 1,000 м3 хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зээлээр хэрэгжүүлж Геодези, Усны барилга байгууламжийн газар хүлээлгэн өгнө.
- Тэнхлэгээрээ 50.0 х 33.0 м хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн 2 давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлыг 2018 оны 9 дүгээр сард Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газарт хүлээлгэн өгч ашиглуулна.
- Тэнхлэгээрээ 48.0 х 30.0 м хэмжээтэй, 2 давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэн 2018 оны 9-р сарын 30нд Нийслэлийн Боловсролын Газарт хүлээлгэн өгч ашиглуулах гээд төлөвлөсөн олон ажил бий.
Үр дүн:
Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Баянхошуу дэд төвийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн СӨБ хамрагдалт 63.49% хүртэл нэмэгдэнэ. Мөн МСҮТ-ээр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн авто машин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө.