Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудлуудыг хэлэлцэхээр Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна.
Айлчлалын багт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад албаны төлөөллүүд багтсан бөгөөд хуваарьт ажлын дагуу Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза болон АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез нартай албан уулзалт хийж, төслүүдийн хэрэгжилтийн хугацааг хэлэлцлээ.
Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байгаа ба Нийслэл хотын удирдлагын төлөөллүүд энэ удаад эдгээр төслүүдээс гэр хорооллын дэд бүтэц, барилга байгууламж орон сууцны төслүүдийг онцолж, төслүүдийн үр дүн дээр тулгуурлан хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг шинэчлэх, улс орны онцлог болоод бүтээн байгуулалтын ажлын явцад ковид19 цар тахлын нөлөөлөл хийгээд бусад орны туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх зорилгоор айлчлан ажиллаж байна.