“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зүгээс дэд төвүүдийн иргэдэд төслийн явцын мэдээлэл түгээх, хүүхэд залуучуудыг чадавхжуулах ажлын хүрээнд “Бүтээлч тархи сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-тай хамтран Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд хамрагдах нийслэлийн ерөнхий боловсролын 67, 76, 105, 124, 35, 37, 58-р сургуулиудын 12-р ангийн нийт сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил сонголтын цогц сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Мэргэжил сонголтын чиглэлээр сэтгэл зүйн тест-оношилгоо болон сэтгэл зүйн сургалтаар дамжуулан сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн тэдний эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийнхээ мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх арга замыг таниулах зорилгоор 3 үе шат бүхий сэтгэл зүйн оношилгоо, сургалт, өдөрлөгийг зохион байгуулж, нийт 600 гаруй сурагчид, 250 эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдлаа.
Арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн явц, үр дүнгийн танилцуулга хийгдэхийн зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүд оролцож өөрийн мэргэжлийн онцлог, ажлын туршлагаас сурагчидтай хуваалцав.