Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь” техникийн туслалцааны төслийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (УБХГХХХОДХ), Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв (НЖДҮҮДТ), Бодь санхүүгийн зөвлөх үйлчилгээний ХХК, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб ТББ (WEMC), Монголын Хараат Бус Судалгааны Хүрээлэн ХХК(IRIM) нар хамтран 2021 оны 5-р сараас 2023 оны 2-р сар хүртэл 1 жил 10 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр дүнгийн тайлант өдөрлөгөө зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бизнес эрхлэгчдийн дунд хэрэгцээ тодорхойлох судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай санхүүгийн болон бизнесийн сургалтын модуль боловсруулж, нийт 105 сургалт, зөвлөгөө үйлчилгээ, үйл ажиллагааг Баянхошуу, Сэлбэ дэд төвийн Бизнес Инкубатор сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж, давхардсан тоогоор 1357 бизнес эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч ажиллаа. Мөн сургалт, үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 79 бизнест 5-10 хүртэлх сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүллээ. Үүнд, нийт 446 сая төгрөгийн үнэ бүхий 341 ширхэг тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр хүлээлгэн өгч, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Төслийн үр дүнд нийт сургалтанд хамрагдсан оролцогчдын санхүүгийн болон бизнесийн мэдлэг сайжирч, хамтын ажиллагаагаа өргөжүүлцгээж, хоршоо байгуулан ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд 86% нь бизнесийн орлого нь дунджаар 58%-аар өссөн, зарим үр шим хүртэгчдийн орлого 2-4 дахин өссөн, шинээр 126 ажлыг байрыг нэмж бий болгосон буюу 59.6%-аар ажлын байрыг нэмэгдүүлснээс гадна 91% нь хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж гар ажиллагаагаа багасгаж, цаг хугацаа хэмнэсэн шинэ шийдлүүд гаргаж, бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг дээшлүүлсэн амжилттай байна.
Төслийн хаалтын үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн хот байгуулалт, нийгмийн салбарын мэргэжилтэн Жинчиан Чэн, төслийн мэргэжилтэн Мариа Викториа Дела Круз, УБХГХХХОДХ-ийн төслийн зохицуулагч Д.Авирмэд, НЖДҮҮДТ-ийн дарга Г.Гангамөрөн нар хүрэлцэн ирж, төсөлд амжилттай хамрагдсан оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.