Азийн Хөгжлийн Банкны EASS хяналтын багийн удирдагч, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Раушан Маматкулов, Бүс нутаг хариуцсан дарга ноён Балабаскара Редди Батула болон EASS-ийн төслийн ажилтан Мария Виктория Дела Круз нар Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд 20 айлын загвар орон сууцыг барьж 2022 онд бүрэн ашиглалтад оруулсан ба одоогоор 9 давхар, 2 блок нийт 126 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд хяналтын баг эхлээд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ханын материал орчимд барьсан нийт 126 айлын орон сууцны барилга угсралтын ажилтай танилцав. Уг орон сууцны барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй норм, стандартын дагуу баригдсан ба түрээсийн буюу түрээслээд өмчлөх утгаараа айл бүрийн гал тогооны тавилгыг угсарч дагалдуулан өгч байгаа юм. Барилгыг энэ сард багтаан хариуцах байгууллагад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар мэдээлэл авч танилцав.
Үүний дараа Баянхошуу дэд төвийн 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлэгч, ашиглагчдын санал сэтгэгдлийг сонслоо. Төслийн I үе шатны хүрээнд дэд төвүүдэд нийт 500 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа билээ.
Мөн дэд бүтцийн шугам сүлжээг шийдэж гэр хороолол дунд бүтээн байгуулсан авто зам, гүүр, тохижилт ногоон байгууламжууд болон цаашид дэд бүтцээ түшиглэн барихаар төлөвлөөд байгаа ажлуудын төлөвлөгөөтэй танилцаж санал солилцсон юм.
Хяналтын багийн гишүүд дэд төвд хийгдэж байгаа бүхийл ажил иргэдэд шууд болон шууд бусаар хамгийн гол нь урт хугацаанд эерэг үр дүн өгч байх талаар санал хэлэлцэн, Сэлбэ дэд төвийн гэр хороолол дунд авто замын сүлжээ болон 28МВт хүчин чадалтай Сэлбэ Дулааны Станцын үйл ажиллагаатай танилцан хяналт тавьж ажиллалаа. Сэлбэ Дулааны Станц нь өнгөрсөн оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг Дулаанаар ханган ажиллаж байна.