Төсөл хэрэгжүүлэх нэгжээс 4-р сарын 19-20-ны өдрүүдэд Толгойт дэд төв, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34-р хороод, мөн 20, 22, 35-р хороодын засаг дарга, албан хаагч, хэсгийн ахлагчдад төслийн хэрэгжилтийн явцын мэдээлэл хүргэх уулзалтуудыг зохион байгууллаа. Тус уулзалтанд нийт 74 ажилтан оролцсон бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Б.Анхбаяр, зөвлөх багийн төслийн менежер М.Даваацэрэн нар Толгойт дэд төвд хийгдэхээр төлөвлөгдсөн авто зам, инженерийн шугам сүлжээ болон нийгмийн барилга байгууламжуудын зураг төслийн ажлын явц, худалдан авалт болон барилга угсралтын ажлын төлөвлөгөө, Толгойт дэд төвийн үерийн хамгаалалтын суваг, Бизнес Инкубатор сургалтын төвийн барилга угсралтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийт оролцогчдод хүргэлээ. Одоогоор үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил 65%, Бизнес Инкубатор сургалтын төвийн ажил 14%-ийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хүрээнд нийт 215 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Хөтөлбөрийн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны зорилтын ахиц, төслийн санал хүсэлтийн механизмын талаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн нийгмийн хөгжил, жендэрийн мэргэжилтэн Т.Даваасүрэн, зөвлөх багийн мэргэжилтэн С.Цэнгэлмаа нар танилцуулж, төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд тулгарах асуудлыг тодорхойлж хамтран шийдвэрлэх, төслийн үр шимийг иргэдэд бүрэн, адил тэгш хүртээх, төслийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хорооны ажилтнуудтай хамтран хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хийгдэх ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
Төслийн 3-р үе шат, Толгойт дэд төвийн зорилтот хороодын удирдлага, албан хаагчдад төслийн явцын мэдээлэл хүргэх уулзалт зохион байгууллаа
2023/04/21