Төслийн 3-р үе шатны нийгмийн хөгжил, жендэрийн үйл ажиллагааны хүрээнд Толгойт дэд төвийн ерөнхий боловсролын 42, 106, 107-р сургуулийн ахлах ангийн охидод нийтийн орон зай дахь охидын аюулгүй байдлын талаар ойлголт, мэдлэг олгох сургалтыг “Хөөрхөн зүрх” ТББ болон сургуулиудын нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгууллаа. Хөөрхөн зүрх ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь, кейс менежер Ц.Баасаннямбуу, сэтгэлзүйч Х.Эгшиглэн нар сургалтыг хөтлөн явуулсан бөгөөд сургалтанд нийт 3 сургуулийн 9-11-р ангийн 106 сурагч оролцож, хувийн орон зай, хил хязгаарын талаар ойлгон мэдэж, нийтийн орон зайд өөрийн хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах, бэлгийн дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөмж авлаа. Мөн Монгол улсад үйлдэгддэг охид, эмэгтэйчүүдийн эсрэг дарамт, хүчирхийллийн төрөл, хэлбэрийг мэдэж, нийтлэг тохиолдож байгаа ураг төрлийн болон цахим орчин дахь бэлгийн хүчирхийллийн талаар хоёр видео контент үзэн хэрэв ийм зүйл тохиолдвол хэнд хандаж тусламж хүсэхийг мэдэж авав. Өсвөр насныхны үерхэл, нөхөрлөл, болзооны үед хэрхэн өөрийн аюулгүй байдлаа хангахыг заалгаж, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аюулгүй болзооны зөвлөмжүүдтэй танилцаж, өөрт болон өөрийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдэд эрсдэл тохиолдоход насанд хүрсэн итгэж болох хүнээс тусламж эрэх нь оновчтой тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.
“НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН ОРОН ЗАЙ ДАХЬ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023/05/12