Монгол Улс Азийн Хөгжлийн Банктай хамтран ажиллаад 30 гаруй жил болж байгаа ба энэ хугацаанд олон тооны томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хотод төдийгүй орон нутгуудад хэрэгжүүлж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Азийн Хөгжлийн банкны төлөөллүүд Монгол Улсад айлчлан Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй танилцаж, хяналт тавьж ажилласаар ирсэн ч энэ нь дэд ерөнхийлөгчийн анхны айлчлал юм.
Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр заасан бөгөөд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь гүйцэтгээд байна. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч ноён Брюс Госпер болон албаны бусад төлөөлөл тус дэд төвүүдэд барьсан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, төслийн явц үр дүнгүүд болон цаашид хийгдэх ажлуудтай танилцлаа.
Баянхошуу дэд төвд /Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 22, 24, 28, 40-р хороод/ нийт 162 га газар нутагт төлөвлөлт хийн ажилласан ба Зочид Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад оруулсан 240 хүүхдийн цэцэрлэг, 20 айлын орон сууц, усан хангамж болон мэдээлэл холбооны төвүүдээр зочлов, энэ үеэр Баянхошуу дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд тэдгээрийн эцэг эхийн төлөөлөл уулзалт хийж, хүүхдүүд маань дурсгалын зураг зуран бэлдсэнийг дурсгал болгон гардууллаа.