Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүргийн 6-р хороо, Баянхошуу дэд төвд 9 давхар, 2 блок нийт 126 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга буюу төслийн захирал Г.Ганхүү нар хүрэлцэн ирж танилцлаа.
Энэхүү 126 айлын орон сууцны барилга нь гарц гарам, явган болон машин зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт Монгол Улсад мөрдөгдөж буй норм, стандартын дагуу баригдсан ба дулаан хангамж, усан хангамж нь өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд гүйцэтгэсэн төвийн дэд бүтцээр бүрэн хангагдсан. Түүнчлэн түрээсийн буюу түрээслээд өмчлөх утгаараа айл бүрийн гал тогооны тавилгыг угсарч дагалдуулан өгч байгаагаараа онцлогтой юм.
Ийнхүү тус орон сууцыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгснөөр иргэд тухайн хариуцагч байгууллагаас түрээсийн болон түрээслээд өмчлөх байранд хамрагдах талаар мэдээлэл авах боломжтой.