Зөвөлгөөнөөр Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, цаг үеийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.
Нийслэлийг олон төвт хот болгохоор хүн ам, эдийн засгийн нягтрал багатай гэр хорооллын зургаан байршлыг дэд бүтэцжүүлж, хотын эдийн засгийг тэлэх шинэ орон зай, боломжийг бүрдүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шархад дэд төвүүдийн бүтээн байгуулалттай уялдуулан гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслүүд хэрэгжиж буй. Тодруулбал, Баянхошуу дэд төвд 3250, Сэлбэ дэд төвд 2299, Толгойт дэд төвд 2259, Шархад дэд төвд 2232 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна.
Төслийн зохицуулагч Д.Авирмэд: Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 14.1 км авто зам, гурван гүүр баригдсан. Ингэснээр Баянхошууны эцсийн уулзвар, Жанцангийн авто зам, Долоон буудлын уулзвар, зуслангийн авто замын ачаалал тодорхой хувиар буурсан. Түүнчлэн Сэлбэ дэд төвд 28МВт дулааны станцыг барьж, Баянхошуу дэд төвд төвлөрсөн дулааны шугам сүлжээг холбосон.
Одоогоор Толгойт дэд төвд дутагдаж байгаа дулаан хангамжийн 11.6 гкал/ц техникийн нөхцөлийн шийдвэр гаргуулах, Дэнжийн 1000-ын дулааны станц барих зарим ажлын хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байна хэмээсэн бол Хотын дарга эдгээр бүтээн байгуулалтын эдийн засгийн тооцооллыг нарийвчлан гаргаж танилцуулахыг онцлов.