Азийн Хөгжлийн Банк болон НЗДТГ-ын хамтарсан санхүүжилтээр хэрэгжих Дамбадаржаа дулааны станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “China Second Metallurgy Group” компани тендерт шалгарч талууд гэрээ байгууллаа. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 63МВт /54Гкал/цаг/ хүчин чадалтай уг дулааны станц баригдсанаар Сэлбэ дулааны станцтай хослон ажиллаж Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвүүдийг дулааны эрчим хүчээр хангана.
Дамбадаржаа дулааны станц төсөл нь нийт 24000м2 талбайг хамрах бөгөөд ба үүнээс барилгажих талбай 8600м2 байна. Дулааны станц нь эргэлдэгч буцламтгай үет шатаах технологи бүхий зуух, 98% АҮИ-тэй уутат үнс баригч, нүүрсний битүү агуулах, ус боловсруулах бүрэн автомат төхөөрөмж, цахилгаан хуваарилах байгууламж, шохойн чулуун систем, зуухны үндсэн барилга, удирдлагын өрөө, оффисын байр, засварын төв, агуулах гэх мэт хэсгүүдээс бүрдэх ба төслийг 22 сарын хугацаанд барьж 2025 оны IV улиралд ашиглалтад оруулна.
Түүнчлэн, Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Авто замын сүлжээ 2.8км, дулааны шугам 2.6км урт дулааны гол шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төв- 4ш, 2.3км урт цэвэр усны шугам, бохир усны шугам 3км, цахилгааны хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө 2 ширхэг, 6.6км урт цахилгааны кабель шугам, 5.9км урт холбооны кабель сувагчлал, 2.1км урт үерийн хамгаалалтын суваг, 1.5км урт хөрсний ус доошлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлууд хийгдэж байна.