“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зүгээс нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, мэдээлэл олгох, сурталчлан таниулах зорилгоор Толгойт дэд төвийн зорилтод бүсийн 42, 106, 107 дугаар сургуулийн 6 дугаар ангийн нийт сурагчдад болон 81, 111, 272 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад Замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сард зохион байгууллаа. Сургалтанд нийт 429 сурагч хамрагдсанаас 223 эмэгтэй сурагчид байсан бол 275 эцэг эхийн төлөөлөл хамрагдсанаас 199 нь эмэгтэй оролцогчид байлаа.
Сургалтаар хүүхэд бүрийн мэдэх ёстой “Зогс, Хар, Дараа нь яв”, “явж буй машинаас гараа гаргаж болохгүй”, “унадаг дугуй унах дүрэм”, “өдөр тутамд тулгарч болох аюул, эрсдэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх” зэрэг хүүхэд бүрийн заавал мэдэх ёстой замын хөдөлгөөний 13 дүрмийн талаар сургалт орсон. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтаар замын хөдөлгөөнд оролцож байгаа насанд хүрсэн хэн бүхний заавал мэдэх ёстой замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч, явган зорчигчийн анхаарах зүйлс болон бодит амьдрал дээр гарч байгаа замын хөдөлгөөний нийтлэг зөрчлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар ярилцлаа. Мөн нийт оролцогчдод барилга, бүтээн байгуулалтын ажлын үед замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэг олгосон.