“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гэрээт барилгын ажил гүйцэтгэгч нарт зориулан "Жендэрийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамтын ойлголт болон түүнээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг ажлын байран дээр зохион байгууллаа. Сургалтанд нийт 62 барилгын ажилчид хамрагдсанаас 18 нь эмэгтэй оролцогч байв.
Сургалтыг төслийн зөвлөх багийн Нийгэм, жендэрийн мэргэжилтэн хөтлөн явуулсан ба Азийн хөгжлийн банкны нийгмийн хамгааллын бодлого, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөдөлмөрийн мөлжлөгийн тухай болон ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх ойлголтыг өгч, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл өгсөн. Мөн сургалтын үеэр бодит кейс, дасгал ажлууд ажиллуулж, байгууллагын дотоод журамд хэрэглэгдэх ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг жишээ журам, заалтыг өгч, бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.