“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зүгээс нийгэм жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Толгойт дэд төвийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалтыг 2023 оны 11 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран явуулсан ба нийт 194 иргэн хамрагдсанаас 74 нь эмэгтэй оролцогч байв.
Сургалтаар бэлгийн цогц боловсрол ба бэлгийн амьдрал түүний бүрэлдэхүүн хэсгүүд, БЗДХ, ХДХВ, ДОХ гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замууд, бэлгийн зан үйл, гэр бүл төлөвлөлт ба жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл түүний ач холбогдол, сэтгэл зүйн эрүүл мэнд гэсэн сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл өгсөн. Мөн сургалтын үеэр оролцогчид өөрсдийн сонирхсон асуудлаар асуулт асууж, практикт тохиолддог бодит кейсийн талаар сонсож, урьдчилан сэргийлэх эмнэл зүйн арга хэрэгслийн талаар мэдэж авсан нь сургалтын гол үр дүн байлаа.