Улаанбаатар хотыг 2020 оныг хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлага бодлогын баримт бичигт тусгасны дагуу Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Төслийн хүрээнд хотын гэр хорооллын бүсэд 6 шинэ дэд төвүүдийг бий болгох суурь инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ болон нийгмийн барилга байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөн тус дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд бүрэн гүйцэтгэж дууссан ба одоогоор төслийн 2 болон 3 үе шатны ажлууд өрнөж байна.
Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд барьсан дэд бүтцийн шугам сүлжээнд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийн тогтвортой хөгжлийг тодорхойлох зорилгоор “Гэр хорооллын сэргэлт – СЭЛБЭ ДЭД ТӨВ” хэлэлцүүлэг уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва, Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан, Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн зөвлөх багийн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон барилгын салбарын төлөөллүүд гээд 250 гаруй зочид оролцов.
Уг хэлэлцүүлгийн үеэр төслийн хүрээнд дэд төвүүдэд барьж байнгын ашиглалтад оруулсан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд түшиглэн Сэлбэ дэд төвийг орон сууцжуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл зарчмаар барилгын салбарын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашид олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас барилгын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд барьж байгуулсан зарим ажлуудаас дурьдвал: Төслийн нэгдүгээр үе шатны Баянхошуу, Сэлбэ дэд төвд 1253 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж, 13.3км авто зам, 28 МВт Сэлбэ дулааны станц, 37.8 км дулаан хангамжийн шугамыг 29 ус дулаан дамжуулах төвийн хамт, 2 байршилд 1000м3 усан сан 3 насос станц, 20.2км цэвэр усны шугам, 30км ариутгах татуургын шугам болон 35/10кВ цахилгааны дэд станцууд, холбооны шугам, 6.8 км үерийн хамгаалалтын далан суваг, 7.66 га талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгээд байна. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, Бизнес инкубатор төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв зэрэг нийгмийн барилгуудыг ашиглалтад оруулаад байна.
Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн шугамд холбосноор Ханын материал орчмын 692 айлын Хилчин хотхон, Баянхошуу орчмын төсвөөс санхүүждэг сургууль, цэцэрлэг гэх мэт 27 барилга, Сэлбэ Дулааны станцад 35 барилга байгууламжийг холбож, түүхий нүүрсээр ажилладаг 10 орчим уурын зуухыг буулгасан. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг жилийн 18500 тонноор буулгаад байгаа билээ.