Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын алба хаагчид болон бусад албаныхан төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд хийж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн байдалтай танилцлаа.
Эхлээд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээн Баянхошуу дэд төвд барьж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явц гүйцэтгэлтэй танилцсан юм. Ажлын явц одоогийн байдлаар 85 хувьтай хэрэгжиж байгаа ба тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий инженер хэлж байлаа.
Мөн төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьж буй 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явц байдалтай танилцав. Баянхошуу дэд төвд барьж буй 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг энэ оны 10 сарын 15-нд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг 10-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч компаниудын удирдлагууд хэлсэн бол Төслийн Зохицуулагч Д.Авирмэд барилгын ажлыг хугацаанд нь хамгийн гол нь чанартай сайн гүйцэтгэх хэрэгтэй гээд зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй уг бүтээн байгуулалтын ажлын чанарт илүүтэй анхаарал хандуулан ажиллахыг санууллаа.
Үүний дараа Улаанбаатар хотын Тасганы овоон дээрх усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцаж, төслийн зүгээс ажил явуулахад шаардлагатай бүхий л нөхцөл боломжоор ханган ажиллана, харин гүйцэтгэгч компаниуд ажлаа чанартай гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгөхийн тулд ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.