2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал, АХБ-ны Европын Улсууд хариуцсан гүйцэтгэх захирал Хэлмут Фисчер, Пиэррэ-Эмманиул Бэлуше, Зүүн Ази хариуцсан гүйцэтгэх захирал Бобур Б.Ходжаев болон АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хэкманн нар төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.
АХБ-ны төлөөллийг Төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал, Төслийн инженерийн багийнхан болон хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Н.Болороо нар хүлээн авч Баянхошуу, Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулав.
Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг хотын хойд бүсийн шинэ дэд төв болгохоор нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.
АХБ-ны төлөөлөл эхлээд Баянхошуу дэд төвд барьж буй 240 хүүхдийн Цэцэрлэг, МСҮТ-ийн барилгын ажлын талбайд очиж барилгын чанар гүйцэтгэлтэй танилцав.
Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны нийт 4,747 хүүхэд байгаагаас ердөө 2,774 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор СӨБ хамрагдалт 63.49% болон нэмэгдэх юм.
Төлөөлөгчид төслийн хүрээнд дэхь бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамарагдалтын тоо нэмэгдэж мөн тус цэцэрлэгт хамарагдах хүүхдүүд ямар ч үнэ төлбөргүй суралцах боломжтойд баяртай байгаагаа илэрхийлэв.
Цэцэрлэгийн барилгын ажил 90 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 10-р сард багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч "Ус Орчин" ХХК-н удирдлага хэллээ.
Үүний дараа Баянхошуу дэд төвд хийсэн үерийн далан, Сэлбэ дэд төвд барьж буй Усан сангийн ажлуудтай танилцав. Сэлбэ дэд төвийн иргэдийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангах уг усан санг энэ оны 11-р сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн АХБ-ны төлөөлөл хоёр дэд төвд бүтээн байгуулалтын ажлууд хийснээр нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дүнг илүүтэй анхаарч Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэний гэрээр зочилж аж байдалтай танилцсан юм.