2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал, АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хэкманн болон төслийн инженерийн багийнхан төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав.
АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хэкманн болон бусад албаныхан эхлээд Баянхошуу дэд төвд барьж буй 240 хүүхдийн Цэцэрлэг, МСҮТ-ийн барилгын ажлын талбайд очиж барилгын чанар гүйцэтгэлтэй танилцсан юм. Цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 10-р сард багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч "Ус Орчин" ХХК-н удирдлага хэлж байлаа.
Үүний дараа хоёр дэд төвд хийсэн үерийн далангийн ажлуудтай танилцав. Ноён Арнауд Хэкманн далангийн ажлууд хугацаандаа амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, далан дагасан тохижилтын ажлуудын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайтар гүйцэтгэх тал дээр санал солилцлоо.