Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Төслийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий шинэ дэд төвүүд бий болж Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол буурч, дэд төвүүдийг орон сууцжуулах суурь нөхцөл бүрэн хангагдах гэх мэт олон эерэг үр дүнд хүрэх юм.
Энэ хүрээнд 2018 оны 9-р сарын 25-ны өдөр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар шинэ дэд төвүүдэд ажиллалаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлах чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл энэ юм. Хот хөгжүүлэх хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлууд дэс дараатай хийгдээд явж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц баригдана. Инженерийн дэд бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ.
Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4700 гаруй хүүхэд байгаагаас 2740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноос сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувь болж нэмэгдэх юм. Цэцэрлэгийн барилгыг энэ оны 10 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ төсөл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал төсөл юм. Улаанбаатар хотод анх удаа ийм том төсөл хэрэгжиж байна. Нийслэл хот Бага тойруу гэсэн ганц төвтэй. Түүнийг дагасан замын түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал бий. Гэтэл нийслэл хотод 1 сая 400 мянга орчим иргэн оршин сууж байна. Бид Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулж байна. Төслийн гол онцлог нь нийгмийн асуудлыг маш сайн харж үзсэн. Нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэж, ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 5 хорооны иргэдийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системтэй холбоно. Гэхдээ зөвхөн энд байгаа иргэдийг дулаанд холбох асуудал биш Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд хотын төвд очиж авдаг үйлчилгээг эндээ авахуйц шинэ цогц төлөвлөлт юм. Энд өндөр давхрын орон сууц, бизнес худалдааны байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Дэд төвүүдэд Барилга, хот байгуулалтын сайдтай хамт ажиллаж байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн шугам тавигдсаны дараах бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр газар дээр нь уулзаж байна. Мөн өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан 10 мянган айлын өртөгт нийцсэн орон сууцны асуудал байна. Орлогод нийцсэн орон сууцны ихэнх байрыг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. 10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн. Тухайн орчиндоо иргэдээ ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажил хийнэ. Дэлхийн ногоон сангууд, Азийн хөгжлийн банкнаас 580 орчим сая ам.долларын зээл авч энэ ажил хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдээд байна” гэж ярилаа.