Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Төслийн I шатны хүрээнд Сэлбэ дэд төвд барих 24у/м, 30у/м, 60у/м гурван ширхэг төмөрбетон гүүрний барилгын ажил гүйцэтгэгчийг Дотоодын өрсөлдөөнт тендер зарлан шалгаруулсан, Тендерт "ЗМЗ" ХХК шалгарч өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 18-нд ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гурван гүүрийн ажлыг 2019 оны 10 дугаар сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.