Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхээр Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Хөтөлбөр нь Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгох зорилтыг хангахад чиглэсэн ба нийт 6 дэд төвийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурь нөхцлийг бий болгож хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах юм. Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий шинэ дэд төвүүд бий болж Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол буурч, дэд төвүүдийг орон сууцжуулах суурь нөхцөл бүрэн хангагдах гэх мэт олон эерэг үр дүнд хүрэх юм.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төсөл 1-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 11-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
СХД-ийн 8-р хороонд барьсан уг цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 48.0*30.0м хэмжээтэй 2 давхар төмөр бетон барилга ба уг барилгыг дулаан алдалтгүй технологиор хөөсөн полистрол хавтан ашиглан барьсан ба цонх нь 3 давхар шилэлгээтэй юм. Уг барилга нь дотроо 10 бүлэг хичээллэх танхим, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш нарын өрөө зэрэг олон өрөө танхимтай ба 1 хүүхдэд ногдох талбайг стандартын дагуу 6.78м2 байхаар тооцоолж хийсэн аж. Хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийг ашиглалтанд оруулахад зориулж нийтийн хоолны тоног төхөөрөмж, угаалгын өрөөний тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нь нийлүүлж, суурилуулсан байна. Мөн цэцэрлэгийн анги тус бүрт хүүхдийн хувцасны иж бүрэн шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл, багшийн болон хүүхдийн ширээ, сандал зэргийг бүрэн нийлүүлж хүлээлгэн өгчээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийсэн тус цэцэрлэг шууд хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм.
Уг цэцэрлэгийн хашаанд 230м2 резинэн хучилттай төмөр бетон суурьтай хүүхдийн тоглоомын талбай, 80м2 хүүхдийн элсний тоглоомын талбай болон нийт 20 автомашины багтаамжтай зогсоол зэргийг хийж гадна орчныг нь бүрэн тохижуулсан байна.
Цэцэрлэгийн барилгаас гадна тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн хангаж, гадаах орчны тохижилтыг иж бүрэн хийж байгааг цэцэрлэгийн хамт олон талархан хүлээн авч байгаагаа нээлтийн арга хэмжээний үеэр илэрхийлж байв.
Баянхошуу дэд төвд уг цэцэрлэг баригдсанаар дэд төвд хамрагдаж байгаа СХД-ийн 7, 8, 9, 10 болон 28-р хорооны хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн СӨБ хамрагдалт 63.49% хүртэл нэмэгдэнэ. Иймд тус дэд төвийн иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлуудыг ийнхүү шат дараалалтайгаар шийдвэрлэж байгаад талархал илэрхийлж байлаа.
Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг шат дараалалтайгаар хийж дуусган Улсын Комисс болон ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгсөөр байна. Жишээлбэл, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 1 болон 2-р ээлжийн ажил бүрэн дуусган 2018 оны 08-р сарын 20-ны өдөр ашиглалтад оруулсан байна. Мөн Баянхошуу дэд төвд барьсан 2,4 км урт үерийн хамгаалалтын сувгийн ажлыг бүрэн дуусган 2018 оны 11-р сарын 07-нд Улсын Комиссод хүлээлгэн өгсөн. Цаашид төслийн хүрээнд Улаанбаатар хотын орос 14-р сургууль орчмын барилга байгууламжийн бохирын татуургын гол цуглуулах шугам /543 метр урттай ф400мм-ийн ОКП146100 резинэн жийргэвчтэй ширмэн хоолой/-ын барилга угсралтын ажлыг 2018 оны 12-р сарын 1-нд, Баянхошуу дэд төвд бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусган 2018 оны 12-р сарын 21-ны өдөр тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.