Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Хөтөлбөр 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг бий болгон ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Сэлбэ дэд төвд барих 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилга угсралтын ажил мөн “Сэлбэ дэд төвд барих Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилга угсралтын ажил”-уудын гүйцэтгэгчийг дотоодын нээлттэй сонгон шалгаруулалтаар тендер зарлаж гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулсан.
Сэлбэ дэд төвд барих цэцэрлэгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Цаст констракшн” ХХК сонгон шалгарсан бол Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК болон “Монхас” ХХК-ийн түншлэл шалгарсан болно. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, шалгарсан гүйцэтгэгч компаниуд Хөтөлбөрийн удирдах албатай хамтран ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.
“Цаст констракшн” ХХК нь тэнхлэгээрээ 48.0х30.0м хэмжээтэй, 2 давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэх бол “Бридж констракшн” ХХК болон “Монхас” ХХК-ийн түншлэл нь 50.0х33.0м хэмжээтэй, хагас нум хэлбэртэй 2 давхар бизнес инкубатор, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлуудыг энэ онд багтаан бүрэн барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж эхэллээ.