Өнөөдөр Улаанбаатар хотод утаа гамшгийн хэмжээнд хүрч, хамгийн анхаарал татсан асуудал хэвээр байгаа ба хорт утааны 80 гаруй хувь гэр хорооллоос гарч байна гэсэн статистик судалгаа байдаг. Тиймээс гэр хороолол ихтэй хотын хойд бүсэд инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгохоор “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөр эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийг сонгон Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгохоор ажиллаж байна. Эдгээр дэд төвүүдийн байршилд нийт 700 гаруй айлын хашааны газар бүтнээр болон хагасаар чөлөөлөгдөн хамрагдаад байна.
Азийн Хөгжлийн Банкны захирлуудын зөвлөлийн даргын зөвлөх ноён Сомкид Боонлолиар болон ноён М.Дэвараж нар хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ дэд төвийн ГЧНШ-д өртсөн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Хандгайтын 11-161б тоотод оршин суугч иргэн Г.Сүрэнгийн гэрээр зочилж, амьжиргаа, ахуйн орчин, нөхцөл байдлыг асууж, ярилцлаа.
Г.Сүрэн: "Гэр хороололд тэр дундаа монгол гэрт амьдарч буй иргэд дулаан алдагдал ихтэй, зуухаар галладаг, ундны усаа зөөвөрлөдөг, мөн гадаа жорлон ашигладаг, өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй, зун хөрсний бохирдолтой гэх зэргээр хүний эрүүл мэндэд хортой, тав тух муутай байдаг, харин “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийг бий болгосноор эдгээр асуудлууд шат дараалалтай шийдэгдэж эхэлж байгаад туйлын баяртай байна . Миний хувьд хөтөлбөрийн хүрээнд ГЧНШ-д бүтэн хамрагдаж, нөхөн олговрын мөнгөөрөө жижиг “Хүнсний дэлгүүр” худалдан авч бичил бизнес эрхлэгч болж өрхийн орлого маань нэмэгдсэн" хэмээв.
Хөтөлбөр хэрэгжиж иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж байгаа энэ мэт олон жишээ байгаа бөгөөд цаашид хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр энэ нөлөөлөл улам өргөжих юм.