Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Хөтөлбөр 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг бий болгон ажиллаж байна. Хөтөлбөрийн I үе шатны хүрээнд “Сэлбэ дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил" гүйцэтгэгчийг дотоодын нээлттэй сонгон шалгаруулалтаар тендер зарлаж шалгаруулсан.
Сэлбэ дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Бодь Пропертийз” ХХК шалгарсан болно. 2019 оны 03 дүгээр сарын 25-ны өдөр, шалгарсан гүйцэтгэгч компани Хөтөлбөрийн удирдах албатай хамтран ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.
Сэлбэ дэд төвийн үерийн далан дагуух тохижилт нь Чингэлтэй дүүргийн 18-р хороо болон Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3.01 га газар буюу 1,530 м газар 2 эрэг дагуу байрлах юм.