"Ур чадварыг хөгжүүлэх нь" төслийг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран эхлүүлсэн. Уг төсөл нь хөгжиж буй орнуудын боловсон хүчний хөгжлийг дэмжих хүрээнд дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дээрх дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх юм. Төслийн хэрэгжилтийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд эхлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр 2019 оны төлөвлөлтийн семинараа хийлээ.
Семинарт "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол" төслийн дарга хатагтай Беате Дидлмар, Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн багийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн болон “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд оролцон нээлтийн үг хэллээ.
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд: "Build4Skills" буюу "Ур чадварыг бэхжүүлэх нь" төсөл шаардлагатай үедээ хамтран ажиллахаар хэрэгжиж эхэлсэнд талархалтай байна. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлууд хийж байгаа ба төслийн хүрээн дэхь гүйцэтгэгч компаниудад дадлагажих мэргэших боломж бүрдэж байна.
Төсөл хэрэгжсэнээр ажлын байран дээрх дадлагажуулах сургалтууд болон хувийн хэвшлийн оролцооны тусламжтайгаар Монгол улс дахь мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн ур чадвар бүхий мэргэшсэн боловсон хүчин бий болно, үүний төлөө бид хамтран ажиллана хэмээгээд "Ур чадварыг бэхжүүлэх нь" төслийн хамт олонд ажлын амжилт хүсэв.