Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд 6 дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70%-тай хэрэгжиж байна.
Уг төслийг Монгол Ардын Нам 2009 оноос хот шинэчлэлийн стратеги, гэр хорооллыг хөгжүүлэх техник туслалцааны ТТ-7591 төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр, 2011 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ТЭЗҮ боловсруулж төсөл эхэлсэн байдаг.
Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.
Төслийн хүрээнд Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжид холбож нийт 7 уурын зуухыг буулгаснаар жилдээ 10 мянган тонн нүүрс буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэнэ. Баянхошуу дэд төв жилдээ 60 мянга орчим тонн нүүрс хэрэглэдэг бол дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт нүүрсний хэрэглээний 10/1-ийг хэрэглээнээс хасаж агаар орчны бохирдлыг 11 % бууруулах боломж бий болно.
Төслийн I үе шатны хүрээнд хийж буй дэд бүтцийн ажлуудыг бодитоор ашиглан, эерэг өөрчлөлт авчирч, үр дүнг нь хүртэх эцсийн хэрэглэгчид нь Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд амьдарч буй 7.2 мянган өрхийн 28.5 мянган иргэд болон Улаанбаатар хотын 1.4 сая оршин суугчид, аж ахуйн нэгжүүд юм.
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг 2020 онд бүрэн дуусгаснаар дэд төвийн оршин суугчдын, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хүн амын нягтрал ирээдүйд 2.5 дахин болж өсөн нэмэгдэх хэрэгцээг ч бүрэн хангах юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, үр дүнтэй танилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх богино хугацааны барилгын улирал эхэлж байгаатай холбоотой төслийн ажлыг хурдацтай хэрэгжүүлэхэд холбогдох газруудыг дэмжиж ажиллах үүрэг өглөө.
Түүнчлэн иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжүүд уг төслийн бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, дэд бүтцэд холбогдож амьдрах орчноо сайжруулах үйлсэд идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байв.
Төслийн хүрээнд инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга байгууламжуудыг бий болгож байна. Үүнд: 240хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, Цэцэрлэгт хүрээлэн, Олон нийтийн хөгжлийн төв болон Спорт комплексын барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь Баянхошуу дэд төвд 2019 оны 5-р сард ашиглалтад оруулах Бизнес инкубатор сургалтын төв юм. Уг төв ашиглалтад орсноор мэдээлэл холбооны технологийн ашиглан дэд төвийн иргэдэд мэдээлэл хүргэх, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэх, ажлын байраар хангах, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ салбараар үйлчлүүлэх боломжтой болж байна.
Мөн энэ оны сүүлээр Сэлбэ дэд төв Чингэлтэй дүүргийн 18-р хороонд Бизнес инкубатор, сургалтын төв болон 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн 2-р үе шатанд Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвүүдийн инженер хангамж болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг 2019 оны 6-р сараас эхлүүлэн 2021 оны 10-р сард дуусгахаар төлөвлөж байна.