Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Усны менежментийн төслүүдийн зөвлөлийн ахлах инженер Марко Берос өнөөдөр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ дэд төвд хийж буй ажлуудын явц болон гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Тэрээр эхлээд Сэлбэ дэд төвд 2018 оны 05 сарын 06-ны өдөр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилгын явц, гүйцэтгэлтэй танилцсан юм. Уг усан сан нь төмөрбетон хийцтэй ба цутгалт, гадна ус тусгаарлалт, дулаан тусгаарлалтын ажлууд бүрэн хийж гүйцэтгэсэн. Мөн ажлын 2, нөөцийн 1 насос бүхий насос станцын барилгын барилга угсралт бүрэн хийж гүйцэтгэн, одоо дотор засал, тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна.
Үүний дараа Сэлбэ дэд төвд барьж буй 24м, 30м, 60м-ийн урттай 3 ширхэг төмөр бетон гүүр болон авто зам, дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн шугам сүлжээний ажил, хэсэг 1-ийн ажлын явцтай танилцсан юм.