“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 2018 оны 4-р сараас 2019 оны 7-р сарын хооронд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн шинэчлэлтийн ажлуудыг бүрэн хийж дуусган ашиглалтад оруулаад байна.
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл бүрэн шинэчлэлийн ажил хийгдэж байгаагүй юм. Уг байгууламжийн дугуй резервуарын барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нурах аюултай хэмээн дүгнэсэн байдаг. Тиймээс төслийн хүрээнд нурах аюулд ороод байсан цэвэрлэгээний ахуйн бохир ус хүлээн авах дугуй резервуарын барилгыг дотоод инженерийн шугам сүлжээний хамт бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж хөдөлмөр хамгаалалтыг бүрэн хангаад байгаа юм.
Түүнчлэн нийт 5 аэротанкийн бетон хийцийн эвдрэлийг засах, цэвэрлэгээний чанарыг сайжруулах агаарын 10.000 диффузор, агаарын шугам селектор нэмж суурилуулах гэх мэт бүрэн засвар шинэчлэлийн ажлыг анх удаа хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр цэвэрлэх байгууламжийн биологи цэвэрлэгээний эргэлтийн лагийн шинж чанар сайжирч, бохир усны цэвэрлэгээний төвшин төсөл хэрэгжихээс өмнөх үетэй харьцуулбал 5-10 хувиар сайжирсан байна.