Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80%-тай байна. Дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байгаа. Тэдгээрийн нэг нь Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэг юм цэцэрлэгийн барилга угсралт одоогийн байдлаар 80%-тай, хэрэгжиж байна. Цаашид уг цэцэрлэг ашиглалтад орсноор 240 эцэг эх ажил хөдөлмөрлөх боломжоор хангагдах юм.
Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг энэ оны 5 сар гэхэд бүрэн дуусгаж Улсын комиссод хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.