Баянхошуу Бизнес Инкубатор сургалтын төв 2020 оны 3-р сард ашиглалтанд орсон бөгөөд тус төвд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа 4 байгууллага болон 2 төсөл хамтын ажиллагаагаа дүгнэх, цаашид Баянхошуу Бизнес Инкубатор сургалтын төвийг хэрхэн үр ашигтай, бүрэн дүүрэн ашиглах тухай зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтанд Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд, Нийслэлийн Бизнес Инновац хөгжлийн газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн менежер Н.Эрдэнэчимэг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Д.Дүгэрсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга Б.Лхагвадорж нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцож, тус тусын байгууллагын үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, харилцан мэдээлэл солилцож, Баянхошуу Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахаар ярилцлаа.
Мөн тус уулзалтын үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, барилгын ашиглагч байгууллага болох Нийслэлийн Бизнес Инновац хөгжлийн газартай Хамтын ажиллагааны Санамж бичиг үзэглэж, хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусах хүртэл дэд төвийн иргэдийг чадваржуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо.