“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зүгээс Дамбадаржаа дэд төвийн зорилтод бүсийн 58 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагч охид, хөвгүүд болон Сүхбаатар дүүргийн сурагчдын зөвлөлийн гишүүдэд нийтийн ба хувийн орон зайд гарч болох хүчирхийлэл, дарамт, үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлтийн учир шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Нийтийн болон хувийн орон зай дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь” сэдэвт сургалтыг 2024 оны 3 дугаар сард 4 удаа зохион байгууллаа. Сургалтад нийт 108 сурагчид хамрагдсанаас 52 охид оролцсон байна.
Сургалтаар нийтийн ба хувийн орон зай, түүний хүрээ, цахим орчин дахь хүчирхийллийн төрлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар ойлголт өгч, өөрт болон өөрийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдэд эрсдэл тохиолдоход насанд хүрсэн итгэж болох хүнээс тусламж авах зэрэг оновчтой аргуудын тухай ярилцлаа. Мөн сургалтын үеэр үерхэл, нөхөрлөлийн харилцааны талаар болон аливаа харилцаанд хил хязгаарыг тогтоосноор хувийн орон зайгаа хэрхэн хамгаалдаг, эрүүл харилцаа үүсгэхэд энэ нь хэрхэн тусалдаг, бусад хүмүүсийн хүсэл, сонирхолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрийн хүсэл, хэрэгцээ, үйлдэлдээ хариуцлагатай байж, бусад хүмүүс чамайг удирдах, дарамтлах, зохисгүй байдлаар харилцахаас хэрхэн сэргийлж чадах талаар ойлголт, мэдээлэл өглөө.