Азийн Хөгжлийн Банкны Хяналтын багийн ахлах, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Раушан Маматкулов төслийн хүрээнд Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа дэд төвүүдэд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр хяналт тавин ажиллалаа.
Энэ хүрээнд Толгойт дэд төвийн үерийн хамгаалалтын далан суваг, Бизнес инкубатор сургалтын төв, авто зам, инженерийн шугам сүлжээний трасс дагуу газар чөлөөлөлт хийгдсэн талбай болон Дамбадаржаа дэд төвийн дулааны станцын газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлын явцтай танилцав.
Үүний дараа, Баянхошуу дэд төвийн 2-р ээлжийн ажлууд болох 240 хүүхдийн ортой цэцэрлэг, Олон нийтийн хөгжлийн төв, Гал унтраах аврах 29-р ангийн барилга, Спорт цогцолбор болон цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, барилга угсралтын ажлуудад хяналт тавьж, удаашралтай байгаа ажлуудыг хурдасгах, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг зөвлөлөө.